Монголын улсын ирээдүй болсон хөөрхөн хүүхдүүд ээ, сайн байцгаана уу?
Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч, хамтран ажиллаж дэмжигч та бүхний амрыг эрэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хамт олны нэрийн өмнөөс мэндчилж байгаадаа баяртай байна. Бид Таны хүүхдийн чадварыг хөгжүүлэх, хамгаалахын тулд орчин үеийн шинэ технологид хурдан суралцаж, нэвтрүүлэн сэргээн засах тусламж үйлчилгээг боловсрол, нийгмийн үйлчилгээтэй хослуулан үзүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна. Хүүхэд бүрийн хөгжлийг насны тодорхой үечлэлээр тогтмол үнэлж, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлж, хөгжлийн хөтөлбөрт аль болохуйц эрт хамруулах нь хөгжлийн бэрхшээлээс сэргийлж, бууруулах боломж олгодог тул эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар дундын үйл ажиллагааг уялдуулах, салбарын мэргэжилтэн бэлтгэх, эрдэм судлалын ажлыг хөгжүүлэх, бусад байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үндэсний лавлагаа төв болохын төлөө хичээх болно. Хамт олныг минь зорин ирж үйлчлүүлж байгаа хүүхдүүдийнхээ өмнө төвийн хаалга үргэлж нээлттэй бөгөөд эцэг эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч нарынхаа үнэтэй санал, хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган ажиллахад бид бэлэн байна. Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хүн бүрийн оролцоог нэмэгдүүлье! Хүүхэд бүр инээж, өрх бүр аз жаргалтай байхыг хүсье!
АЛСЫН ХАРАА
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг олон улсын жишигт хүргэсэн, үндэсний хэмжээний мэргэжил арга зүйн төв болно.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэхэд оршино.