Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, протез, туслах хэрэгслийн үйлдвэрлэл, үйлчилгээг улсын хэмжээнд харъяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй, цогц хэлбэрээр хүргэх мэргэжил арга зүйгээр хангах лавлагаа төв юм.
Эрүүл мэндийн сэргээн засах тусламж, боловсролд тэгш хамруулах, нийгмийн сэргээн засах үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг 0-18 насны хүүхдэд хүргэх, бусад байгууллагыг лавлагаа тусламж, мэдээллээр хангах, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлгийн талаар арга зүйн зөвлөмж боловсруулах, сэргээн засахын эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, хөгжлийн бэрхшээл, сэргээн засахын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг Үндэсний хэмжээнд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.
Хөдөө орон нутагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэргээн засах үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, мэргэжилтэй боловсон хүчнийг сургах, бэлтгэхэд ХНХЯ, ЭМЯ-тай нягт хамтран ажиллаж, салбар дундын уялдааг хангах зорилт бидний өмнө чухлаар тавигдаж байна.
Манай төв нь хэвтэн эмчлүүлэх 5, өдрийн эмчилгээний 1 тасаг, боловролын 7 чиглэлийн хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох туслах хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэх үйлчилгээг цогцоор үзүүлдэг.
Эрхэм зорилго
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэхэд оршино.
Алсын хараа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг олон улсын жишигт хүргэсэн, үндэсний хэмжээний мэргэжил арга зүйн төв болно.

