Урлал засал буюу урлан бүтээх үйл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тал бүрийн хөгжлийг дэмжиж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна гар, хурууны хөдөлгөөнийг дэмжихэд чиглэнэ. Урлан бүтээж, дүрслэн урлах үйл нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэлтгүй бүх хүүхдэд эхэлсэн ажлаа дуусгах, тэсвэр тэвчээртэй болох, аливааг олон талаас нь бодож төлөвлөх, гоё сайхныг мэдрэх, хийж бүтээхийг эрмэлзэх зэрэг олон эерэг нөлөөллийг үзүүлдэг үр дүн өндөр үйл юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг хөтөлбөрт тусгасан зурах, будах, бүтээх бүхий л ур чадваруудыг эзэмшүүлэх гэж зүтгэхээс илүү тэдний хөгжлийн онцлог, хэрэгцээ, сонирхолд тохирсон чадвар эзэмшүүлэх нь чухал юм.